ТОВЧ МЭДЭЭ



ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ, ЛАВЛАГААНЫ АЛБА, АЖИЛЛАХ ЖУРАМ


Шүүхийн мэдээлэл, лавлагааны алба нь бүх шатны шүүхийн нэгдүгээр давхарт, олон нийтэд харагдахуйц ил газар байрлах ба "ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА” гэсэн хаягийг тодоор бичиж байрлуулна. Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, шүүн таслах ажиллагаа хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх, бүх шатны шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын албатай мэдээллийг компьютерийн сүлжээгээр солилцоход Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны үйл ажиллагаа чиглэгдэнэ.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2007 оны 68 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Шүүхийн мэдээлэл лавлагааны ажиллах журмыг баталсан бөгөөд тус журмаар шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны зорилт, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон мэдээлэл, лавлагааны мэргэжилтний ажил, үүргийг тодорхойлсон юм.
Мэдээлэл, лавлагааны алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
* Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд шуурхай мэдээлэх, нээлттэй байлгах;
* Шүүхэд хандаж буй иргэн, хуулийн этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх;
* Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээ, мэдээллийг өгөх, шүүхээс эрхлэн гаргаж буй ном товхимол, сэтгүүлийг олон нийтэд сурталчлах;
* Холбогдох хууль, тогтоомжийн талаар мэдээлэл өгөх;
* Шүүхийн архивыг хариуцан ажиллуулах;
* Мэдээлэл, лавлагааны алба нь шүүхийн номын сан, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай байна. 
Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь иргэн, хуулийн этгээдэд зөвхөн шүүхийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг өгөх бөгөөд хууль зүйн зөвлөгөө өгөх үүрэг хүлээхгүй болохыг иргэн Та анхаарах хэрэгтэй. Харин хууль зүйн зөвлөгөө хэрхэн авч болох арга замыг зааж өгч болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь шүүхийн үйл ажиллагаатай холбоотой дараах төрлийн мэдээлэл, лавлагааг өгөх үүргийг хүлээнэ. Үүнд:
* Нэхэмжлэлийн бүрдүүлбэр, загвар;
* Нэхэмжлэл, гомдол, хүсэлт, өргөдлийг хэрхэн гаргах;
* Тэмдэгтийн хураамж төлөх банк, дансны дугаар;
* Хэргийн оролцогчдын эрх, үүрэг;
* Хэрэг, маргаан тухайн шүүхэд хэзээ ирсэн, хэнд хуваарилагдсан;
* Тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэх хуулийн хугацаа;
* Шийдвэрлэгдсэн хэргийн шийдвэр, тогтоол, магадлалын дугаар, огноо;
* Шүүхийн шийдвэр, тогтоол, магадлалын хуулбарыг хэнээс авч болох;
* Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа;
* Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах талаар;
* Холбогдох хуулийн талаарх мэдээлэл.
Мэдээлэл лавлагааны албыг мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг алба нь шүүхийн газар, хэлтсийн бүтцэд багтаж ажиллана. Шүүхийн мэдээлэл, лавлагааны албаны талаарх асуудлаар харъяалах дээд шатны байгууллага болох тамгын газар, хэлтсийн даргад хандаж болно. Мэдээлэл, лавлагаа хариуцсан мэргэжилтэн нь "Шүүхийн мэдээллийн самбар”-ыг ажиллуулах бөгөөд үйл ажиллагааны хүрээн дэх бусад ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
Нэхэмжлэл бичих загвар, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, тэмдэгтийн хураамжийн хуулийн холбогдох заалт, торгууль, хураамж төлөх дансны дугаар, шүүхийн удирдлагаас иргэдийг хүлээн авч уулзах хуваарь, шүүх хуралдааны тов зэргийг "Шүүхийн мэдээллийн самбар”-т заавал байрлуулна. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон бусад шүүх эрх мэдлийн байгууллагаас эрхлэн гаргадаг "Монголын төр эрх зүй”, "Дээд шүүхийн мэдээлэл”, "Шүүхийн шийдвэрийн эмхэтгэл”, "Шүүх эрх мэдэл” сэтгүүл болон бусад ном, хэвлэлийн талаар мэдээлэл өгнө.
Шүүхийн үйл ажиллагааны талаар төрөлжсөн санд ороогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээд авахыг хүсвэл ямар албан тушаалтантай уулзах, уулзалтын цагийн хуваарь, уг мэдээлэл байгаа вэб сайтын хаяг зэргийг мэдээлнэ. 
 
 

ШҮҮХ ТАНЫ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХҮЛЭЭН АВААД ЯМАР
АЖИЛЛАГААНУУДЫГ ХИЙДЭГ ВЭ


 

Иргэн таны нэхэмжлэлийг шүүх хүлээн аваад ямар ажиллагаа хийдэг талаар энгийн үгээр тайлбарлан хүргье.
1-р багц ажиллагаа. Таны нэхэмжлэлийг анхан шатны шүүхүүдийн Мэдээлэл лавлагааны төвийн ажилтнууд хүлээн авч нэхэмжлэлийн хувь дээр хүлээн авсан дардас дарж, бүртгэлийн гар бүртгэлд бүртгэж, шүүхийн хэргийн програмд нэхэмжлэлийн талаарх мэдээллийг оруулж систем өөрөө автоматаар хуваарилж нэг шүүгчид гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. /МЛАжилтнууд нэхэмжлэлийг хүлээн авахдаа хуульд заасан бүрдүүлбэр хангагдсан эсэхэд хяналт тавьж авна, дүүргийн шүүхүүдийн нэг шүүгчид нэг өдөрт дунджаар 8-14 орчим нэхэмжлэл хуваарилагдан очино/
2-р багц ажиллагаа. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэл бүрийг хавсаргасан нотлох баримт материалтай нэг бүрчлэн танилцаж хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргана. /Шүүгчийн туслах төлөвлөж шүүгчээр хянуулан гаргаж ёсчлуулна-гарын үсэг зурж тамгална, хэргийн хавтас авч ерөнхий шүүгчийн туслахаар эсвэл хариуцсан ажилтнаар индекс даруулна/,
Шүүгч, шүүгчийн туслах хариуцагч болох этгээдийг нэхэмжлэлд дурьдсан хаягаар шүүхэд ирүүлэхээр МЭДЭГДЭХ ХУУДАС бичиж, бүртгэлд бүртгэн, шүүхийн бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө, бичиг хүргэгч хариуцагчийн гэр, ажлын хаягаар очиж шүүхийн мэдэгдэх хуудсыг гардуулан өгснөөр тухайн хүн шүүхэд дуудагдаж байгаагаа мэдэж шүүхэд хүрэлцэн ирнэ. /Дүүргийн шүүхийн бичиг хүргэгч нэг өдөрт дунджаар 25-30 орчим хүнийг дуудахаар шүүгч, шүүгчийн туслахуудаас мэдэгдэх хуудас хүлээн авдаг/
3-р багц ажиллагаа. Хариуцагч шүүхэд ирэхэд шүүх /шүүгчийн туслах/ түүнд нэхэмжлэлийн нэг хувийг гардуулан өгч биеийн байцаалтыг авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж өгөөд нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтууд, иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг танилцуулж баримтанд гарын үсэг зуруулна.
Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариу тайлбараа, холбогдох нотлох баримтын хамт шүүгчээс тогтоосон хугацаа буюу 14 хоногийн дотор шүүхэд ирүүлнэ.
Шүүгчийн туслах хариуцагчаар "Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан” баримт, "Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарт эрх үүргийг тайлбарласан” баримт, "Хэргийн материалтай танилцуулсан тухай” баримт, "Шүүхийн шийдвэрийг цахим санд байршуулах тухай” баримтуудад гарын үсэг зуруулан хэрэгт авна.
Мөн шүүгчид нөлөөлөх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Нөлөөллийн мэдүүлэг”-ийг тайлбарлан өгч баримтанд гарын үсэг зуруулна.
Шүүх нэхэмжлэгч талыг дуудан ирүүлж эдгээр ажиллагаа бас адилхан хийнэ.
Тухайн хэргийн нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийн бүхий л материал, эрсэг талын гаргасан хүсэлтүүд, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолтой танилцах эрхтэй /өөрөөр хэлбэл эсрэг талаас нэг хуудас цаас нэмэгдсэн л бол түүнтэй нөгөө тал танилцах эрхтэй/, тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл талууд гэрчээс мэдүүлэг авахуулах, өөр байгууллага, хувь хүн, хөдөө орон нутаг, архиваас нотлох баримт гаргуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй, таны гаргасан хүсэлтийг шүүгч хүлээн авч шийдвэрлэж захирамж, тогтоолыг гаргана тэр эрх зүйн актын нь дагуу ажиллагаа явагдана. Талууд хэргийн материалаас хуулбарлаж авах /утсаараа зургийг авах гэх мэт/, тэмдэглэж авах эрхтэй. / Харин хэргийн аль нэг тал хүсэлт гаргаагүй бол шүүх сайн дураараа таны өмнөөс ажиллагаа хийхгүй гэсэн үг юм. Талууд шүүх хуралдаан товлон зарлагдахаас өмнө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бүх нотлох баримтуудаа гаргаж өгч, харилцан тэдгээртэй танилцсан байх шаардлагатай. Талууд аль үед өмгөөлөгч авах эрхтэй
4-р багц ажиллагаа. Талуудын нотлох баримтууд бүрдсэн, дахин гаргасан хүсэлтгүй бол шүүх хуралдааныг товлож бүгдэд нь шүүгчийн туслах мэдэгдэнэ. Шүүх хуралдаан товлосон хугацаандаа хийгдэж шүүхийн шийдвэр гарна. Шүүх хуралдаан болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгч шийдвэрээ бичиж гарын үсэг зуран тамгалж /ёсчилон/ бэлэн болгоно. Талууд өөрсдөө шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардан авах хуульд заасан үүрэгтэй тул шүүгчийн туслахаас ирж шийдвэрээ гардан авч " Шүүхийн шийдвэр гардуулсан тухай” баримтанд гарын үсэг зурна. Хэрэв талууд шийдвэрээ шүүхэд өөрөө ирж гардаж авахгүй бол шүүх шийдвэрийг оршин суугаа хаягаар хүргүүлнэ, хэрвээ шүүхэд өгсөн хаягтаа байхгүй бол ажлын хаягаар эсвэл хороо, багт хүргүүлж гарын үсэг зуруулна. /тэнд байсан насанд хүрсэн иргэн, гэр бүлийн гишүүд, байгууллагын бичиг хэрэг, ажилтанд, баг хорооны ажилтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна/ Шүүх үүнийг гардуулж өгсөнд тооцож давж заалдах гомдол гаргах хугацааг тооцдог тул та ШИЙДВЭРИЙГ ӨӨРИЙН БИЕЭР ИРЖ АВАХ БҮР БОЛОМЖГҮЙ БОЛ ИТГЭМЖЛЭЛТЭЙ ХҮН ИРҮҮЛЖ АВЧ БОЛНО.
Талууд шийдвэрийн хувийг гардан авч дууссаны дараа талууд давж заалдах гомдол гаргаагүй бол шүүгчийн туслах хэргийг эмхтгэж шүүгчээр хянуулан гарын үсэг зуруулж архивт хүлээлгэн өгнө.
5-р багц ажиллагаа. Шүүхээс гаргасан шийдвэрийг хариуцагч тал биелүүлэхгүй жишээ нь төлөх ёстой мөнгөө төлөхгүй бол нэхэмжлэгч шүүхэд хандан " Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай " хүсэлтийг бичиж, тухайн хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн туслахад эсвэл шүүхийн мэдээлэл лавлагааны төвд /мэргэжилтэн, ажилтанд/ өгнө, үүнийг шийдвэр гаргасан шүүгч хүлээн авч 3 хоногийн дотор "Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас " бичиж өгснийг та аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгааллагад өгөснөөр шүүхийн шийдвэр биелэгдэнэ.
Энэ хүсэлтийг гаргахаар ирэхдээ та шүүхээс гардуулан өгсөн шийдвэрийн эх хувийг авч ирнэ /барьж ирнэ/, шүүхийн шийдвэрийн хувийг цаашид хэрэгтэй гэж үзвэл та өөртөө авч үлдэхийн тулд хуулбарлаж наториатаар гэрчлүүлэн авч үлдээрэй.

  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар