Эрүүгийн хэргийн шийдвэр
ФЕЙСБҮҮКЭЭР “ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЛИЙГ БАЙРШУУЛЖ, ХҮНИЙ НЭР ТӨР, АЛДАР ХҮНДЭД ХАЛДСАН” БОЛ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ ЯЛ ОНОГДУУЛНА
Шийдвэрийн дугаар:2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр №22
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээлээр хангах зорилготой болно.
Иргэн Дэлгэр нь олон нийтийн сүлжээнд буюу фейсбүүкээр насанд хүрээгүй Золоо, Зулаа нарын зургийг байршуулан “энэ охидоос болгоомжил гэр эзгүйчилж, хүний нөхөртэй явалдаж, айл гэр үймүүлдэг балиар юмнууд 30 дугаар сургуульд сурдаг, эцэг эхийг нь таньж мэддэг хүн байна уу. Би олон удаа сануулж хэлсэн” гэх мэдээллийг байршуулж хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараажээ.
Эрүүгийн хуульд зааснаар, Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасныг гэмт хэрэгт тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.
Прокуророос Дэлгэрийг “Хүний нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхээс иргэн Дэлгэрийг “Хүний нэр төрд халдсан буюу насанд хүрээгүй хохирогч Золоо, Зулаа нарын талаар худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 500000 төгрөгөөр торгох ял оногдуулсан мөн Дэлгэрийг насанд хүрээгүй хохирогч Золоо, Зулаа нараас “уучлалт гуйхыг” үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр үзэх холбоос: https://shuukh.mn/
Тойм бэлтгэсэн:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат.
Leave a Reply