ТОВЧ МЭДЭЭ



АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ
ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

58 дугаар зүйл.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх

58.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүх хэрэг, маргааныг анхан шатны журмаар, хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг оролцуулна.

58.2.Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу оролцоно.

58.3.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанаас өмнө хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг, маргааны талаар хэнээс ч хараат бусаар санал, дүгнэлт гаргахаа батлан тангараглана.

58.4.Энэ хуулийн 58.3-т заасан тангараг өргөх журмыг Ерөнхий зөвлөл батална.

59 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчид тавих шаардлага

59.1.Иргэдийн төлөөлөгч дараах шаардлага хангасан байна:

59.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай, 25-60 хүртэл насны Монгол Улсын иргэн байх;

59.1.2.тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг байх;

59.1.3.эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

60 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

60.1.Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа иргэдийн төлөөлөгчид дараах зүйлийг хориглоно:

60.1.1.шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх;

60.1.2.шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх;

60.1.3.хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах;

60.1.4.хэргийн талаар нотлох баримт цуглуулах;


60.1.5.өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой мэдээллийг задруулах;


/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

60.1.6.хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэргийн талаар мэдээлэл өгөх.

60.2.Энэ хуулийн 60.1-д заасан зохицуулалтын хэрэгжилтэд Ерөнхий зөвлөл хяналт тавьж, зөрчсөн этгээдийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасна.

60.3.Төрийн улс төрийн болон тусгай албан тушаалтныг иргэдийн төлөөлөгчөөр сонгохыг хориглоно.

61 дүгээр зүйл.Иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал

61.1.Шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон бусад этгээд иргэдийн төлөөлөгчид аливаа хэлбэрээр нөлөөлөхийг хориглоно.

61.2.Энэ хуулийн 61.1-д заасан нөхцөл байдал бий болсон гэж үзсэн тохиолдолд иргэдийн төлөөлөгч энэ хуульд заасан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх бөгөөд нөлөөллийн мэдүүлгийн загварыг Ерөнхий зөвлөл батална.

61.3.Энэ хуулийн 63.3-т заасны дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн нэрсийг шүүгч, шүүхийн ажилтан шүүх хуралдаанаас өмнө задруулахыг хориглоно.

62 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт

62.1.Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах журам, сургалтад хамруулах нэгдсэн төлөвлөгөөг батална.

62.2.Иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг дараах журмаар бүрдүүлнэ:

62.2.1.Ерөнхий зөвлөлөөс тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан баталсан жишиг тоог үндэслэн иргэдийн төлөөлөгчийн нэрсийг гаргуулахаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

62.2.2.улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн нэрсийг санамсаргүй аргаар цахим хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас сонгож, холбогдох мэдээллийн хамт 21 хоногийн дотор Ерөнхий зөвлөлд хүргүүлэх;

62.2.3.Ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн нэрсийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тухайн анхан шатны шүүхийн Тамгын газраас нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягталж, иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг тухайн шүүхийн Тамгын газрын дарга баталгаажуулах.

62.3.Энэ хуулийн 62.2-т заасны дагуу гаргасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт хоёр жил хүчинтэй байна.

62.4.Энэ хуулийн 62.3-т заасан хугацаа дуусахаас гурван сарын өмнө шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бэлтгэл ажлыг хийнэ.

62.5.Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтад орсон иргэнийг энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

62.6.Ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчийн оролцооны талаар судалгаа, дүн шинжилгээ, тоон мэдээг тогтмол гаргана.

63 дугаар зүйл.Иргэдийн төлөөлөгчийг сонгох

63.1.Энэ хуулийн 62.2-т заасан иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг шалгаруулах ажлыг тухайн шүүхийн Тамгын газар зохион байгуулна.

63.2.Шүүх хуралдааны тов гармагц энэ хуулийн 62.2-т заасан нэрсийн жагсаалтаас шүүх хуралдаан бүрд 10 хүний нэрсийн дэд жагсаалтыг цахимаар эрэмбэлэн тохиолдлын журмаар сонгон тухайн шүүхийн Тамгын газрын даргаар батлуулна.

63.3.Энэ хуулийн 63.2-т заасан нэрсийн дэд жагсаалтаас иргэдийн төлөөлөгчийг цахимаар эрэмбэлэгдсэн дарааллаар шүүх хуралдаанд оролцуулна.

63.4.Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэнд шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө мэдэгдэх хуудсаар болон утсаар мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргана.

63.5.Энэ хуулийн 63.4-т заасан шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухайгаа тухайн шүүхийн Тамгын газарт даруй мэдэгдэнэ.

63.6.Шүүхийн Тамгын газар иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэний ажил олгогчид мэдэгдэл хүргүүлнэ.

63.7.Энэ хуулийн 63.6-д заасан ажил олгогч шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа цалинтай чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээнэ.

  


Хэрэгцээт линк

© Copyright 2020. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн тамгын газар